ХУВЬЦААТ КОМПАНИЙН УДИРДЛАГУУДЫН АНХААРАЛД

Хувьцаат компани нь хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд чөлөөтэй арилжаалдаг, олон тооны хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй, ил тод байх буюу компанийн засаглалын зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах үндсэн шинж бүхий компанийн хэлбэр юм.

Монгол Улсын Их Хурлаас 2011 онд олон улсын компанийн засаглалын үндсэн суурь зарчмуудыг Компанийн тухай хуульд тусгах замаар уг хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлж эхлээд байна. Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хувьцаат компанийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, удирдлага зохион байгуулалт, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, түүний өөрийн хөрөнгөтэй харьцах харьцаа, гарах үр дагавар, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах, зохион байгуулах, шийдвэр гаргах журам, төлөөлөн удирдах зөвлөлийн байнгын, тогтвортой, хараат бус байдал, тэдгээрийн дэргэдэх хороодуудын үйл ажиллагаа, ногдол ашиг хувиарлах нөхцөл, компанийн эрх бүхий албан тушаалтны хариуцлага, хориглох үйл ажиллагаа, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл шаардах болон шүүхэд гомдол гаргах эрх зэрэг зохицуулалтууд нь бүхэлдээ шинэчлэгдсэн болно.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага бөгөөд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах, хувьцаа эзэмшигчдэд мэдээлэл хүргэх, тэдгээрийг хуралд оролцуулах замаар эрхийг нь хэрэгжүүлэх туйлын чухал байдаг.

Компанийн тухай шинэ хуулиар хувьцаат компани нь жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа зарлан хуралдуулах үүрэгтэй ба хэрэв энэхүү хугацаанд ээлжит хурлаа зарлан хуралдуулаагүй бол компанийн удирдлагын бүрэн эрх дуусгавар болох бөгөөд түүнээс гарах үр дагаварыг нарийвчлан зохицуулж өгсөн. Иймд хувьцаат компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуулийн хугацаанд хийж, шинээр батлагдсан Компанийн тухай хуульд заасан шаардлага хангасан төлөөлөн удирдах зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүнийг томилж, компанийн дүрмийг хуульд нийцүүлэн өөрчлөх замаар хуулийг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Хэрэв шинээр батлагдсан Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангахгүйгээр компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн тохиолдолд хувьцаат компанийн удирдлагын гаргасан шийдвэр хууль бус байх, аливаа эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх нөхцөл бүрдээд зогсохгүй, цаашид бизнесийн үйл ажиллааны томоохон эрсдэлд орох байдалд орж, улмаар Компанийн удирдлагуудад томоохон хэмжээний захиргааны шийтгэл буюу торгуулийг ногдуулахаар байгааг анхааралдаа авч хуулийг хэрэгжүүлж ажиллах нь чухал байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс Компанийн тухай шинэ хуулиар хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч, компаниудын удирдлагын түвшинд хэд хэдэн удаагийн сургалт зохион байгуулаад байгаа бөгөөд цаашид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа тул хувьцаат компаниудын зүгээс уг сургалтуудад идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг хүсье.

Жич: Компанийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон түүнтэй холбогдох журмыг Санхүүгийн зохицуулах хорооны вэб хуудас /www.frc.mn/-аас үзнэ үү.

МОНГОЛ УЛСЫН САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Leave a Reply