
Монгол улсад мэдээллийн технологийн салбар жил ирэх бүр хөгжсөөр байгаа бөгөөд уг салбарын ололт амжилтыг нэвтрүүлэн үнэт цаасны зэх зээлд тулгамдаж буй мэдээллийн тэгш бус байдал, орон зайн бэрхшээл, хүнд суртал, үр ашиггүй зардлуудыг багасгаснаар хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлөх нэгэн алхамыг хийж байна. Үүний үр дүнд үнэт цаасны зах зээлд оролцогч иргэд, аж ахуйн нэгжүүд нь дэлхийн аль ч өнцөг булангаас, өдөр шөнийн алинд ч www.schcd.mn –д хандан өөрийн дансны үлдэгдэл, дансанд хийгдсэн бүхий л төрлийн гүйлгээнд хяналт тавихаас гадна дансан дахь үнэт цаасны үнэ, ханшид шинжилгээ хийх боломжтой болох юм.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжинд данстай Монгол улсын болон гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд нь энэхүү үйлчилгээг авах эрхтэй бөгөөд тухайн данс эзэмшигчийн дансны мэдээллийн нууцыг эрсдлээс хамгаалах үүднээс өөрийн биеэр ирж үйлчлүүлэх шаардлагатай. Харин өөрийн биеэр ирэх боломжгүй, хөдөө орон нутаг болон гадаадаас энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл баталгаат шуудангаар өөрийн хүсэлтийг холбогдох баримтын хамт ирүүлж өөрийн интернэт шуудангийн хаягаар хариу мэдээллийг хүлээн авах боломжтой.
Данс эзэмшигч нь өөрийн биеэр ирж интернэт үйлчилгээний эрх нээлгэх үед иргэний үнэмлэх болон түүнтэй адитгах бичиг баримтыг заавал авч ирэх бөгөөд төвлөрсөн хадгаламж дахь дансандаа интернэт үйлчилгээний төлбөр төлөхүйц хэмжээний мөнгө байршуулсан байх шаардлагатай.
Интернэт дансны үйлчилгээг авахыг тулд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Интернэт үйлчилгээгээр үйлчлүүлэх харилцагчийн хүсэлт
2. Хэрэв аж ахуйн нэгж бол нэмэлт албан тоот
3. Интернэт үйлчилгээний гэрээг 2 тал байгуулсанаар эрх нээлгэх боломжтой болно.
Дээрх хүсэлт гэрээ зэргийг интернэт үйлчилгээ хариуцсан ажилтан хүлээн авч мэдээллийн баазтай тулгаж үзсэний дараа танд интернэт дансны дугаар, нууц кодыг таньд хүлээлгэн өгөх болно.
Интернэт дансны үйлилгээний хөлсийг төвлөрсөн хадгаламж дахь данснаасаа жилд 1 удаа төлөх ба үйлчилгээний төрлөөс хамаарч ялгавартай байна. Тухайлбал зөвхөн дансны үлдэгдэлээ шалгах бол 2000₮, дансны дэлгэрэнгүй хуулга үзэх бол 4000₮, дансандаа шинжилгээ хийх бол 2000₮-ийн хураамжтай байна. Та өөрийн сонголтоор дээрх үйлчилгээнүүдийг бүгдийг нь ч авах боломжтой юм. Харин нууц дугаараа шинээр авах тохиолдолд 1000₮-ийн хураамж төлнө.