
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хаалттай холбогдуулан УИХ-ын дэд дарга Н.Энхболд, гишүүн Н.Ганбямба нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ оны хаврын нэгдсэн чуулган дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн хуралдаж, нийт 128 хууль, УИХ-ын тогтоол баталсан байна.
Эдгээрээс улс орны хөгжилд үр дүнгээ үзүүлэх хэд хэдэн хуулийн төсөл баталжээ. Тухайлбал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, дээрх хуулиар төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэх санхүүгийн хэрэгслийн үүрэг бүхий Төсвийн тогтворжуулалтын сан байгуулахаар хуулиар зөвшөөрч, төсвийн боломжит үед сангийн хэлбэрээр хуримтлал үүсгэж, төсвийн байдал муудсан, эрсдэл үүссэн үед сангаас санхүүжилт гаргах замаар төсвийн тогтворжуулалтын үүргээ гүйцэтгэж байхаар тогтоож өгсөн байна. Мөн өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталжээ. Эл хууль хэрэгжиж эхэлснээр өрсөлдөөнийг хязгаарлах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, монополь байдалтай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох аж.
Дэлхийн зах зээлд Монгол Улсын өрсөлдөх чадвар нэмэгдэн улс орны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд түлхэц болно гэж УИХ-ын дэд дарга мэдээллээ. Мөн "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр, "Ус", "Монгол мал" зэрэг хөтөлбөрүүдийг баталсан нь нэн чухал алхам болсныг дурдав.
Харин "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" УИХ-ын тогтоолоор "Эрдэнэс МГЛ" компанийн охин компани "Эрдэнэс-Таван толгой" компанийг шинээр үүсгэн байгуулж, тус компанид Таван толгойн нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн шилжүүлэх болсон. Уг тогтоолын дагуу "Эрдэнэс МГЛ" компанийг "Хүний хөгжил сан"-гийн тухай хуульд заасны дагуу өөрчлөн зохион байгуулах асуудлыг судлан үзэж, үр дүнг УИХ-д танил-цуулах аж.
Таван толгойн нүүрсний ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хэлэлцээ хийж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоотой нэгдсэн компанийг нээлттэй хэлбэрээр сонгон шалгаруулж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх үүр-гийг Засгийн газарт өгсөн гэж УИХ-ын дэд дарга Н.Энхболд энэ үеэр онцоллоо.