
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30-40
хувьд хийсэн геологи, хайгуулын судалгааны үр дүнд алт, зэс, коксжих
нүүрс, уран, газрын тос, хар ба өнгөт металлын маш баялаг нөөцтэй болох
нь тогтоогдож, эдүгээ стратегийн томоохон ордуудад нөөцийг тогтоох
нарийвчилсан судалгаа, ашиглах бэлтгэл ажлууд эхэлж байна гэж тэрбээр
дурдаад Өмнөговийн Ханбогд сумын нутаг дэвсгэрээс дэлхий дээрх ашиглаж
эхлээгүй хамгийн том зэс-алтны ордыг илрүүлсэн байна. Одоогоор
Оюутолгойн нотлогдсон зэсийн нөөц 45 сая тонн, алтны нөөц 1000 тоннд
хүрч байна. Канадын Айвенхоу майнз, Англи, Австралийн Рио Тинто
компаниуд Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын
гэрээний дагуу 2010 оны 4 дүгээр сараас энэхүү том ордыг ашиглаж эхлэх
үйл ажиллагаагаа албан ёсоор эхлэв. Үүнээс гадна 6 тэрбум гаруй тонн
нөөцтэй Тавантолгойн нүүрс, Дорнод дахь 30-40 мянга орчим тонн нөөцтэй
ураны орд, олон арван сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсаг,
Зүүнбаяны ордыг ашиглахаар эрчимтэй бэлтгэж байна гэв.
Монгол Улс глобал хамтын ажиллагаа, дэлхийн зах зээл, хөдөлмөрийн
хуваарьт татагдан орох хамгийн ирээдүйтэй арга зам бол уул уурхайн
салбарыг түлхүү хөгжүүлэх, тус салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг улам
ихээр татан оруулах явдал мөн. Хэрэв эрдэс баялгаа тодорхой бодлого,
стратегийн дагуу гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох замаар кокс, ган, зэс, уран гэх мэт
стратегийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний нийлүүлэлтийн глобал
сүлжээнд зохих байр суурь эзэлж чадвал Монгол Улсын хөгжил цэцэглэлт
түргэсч, үндэсний аюулгүй байдал баталгаажна.
Сүүлийн үед Монголын төр засгаас энэ чиглэлд тодорхой зарим чухал
шийдвэрийг гаргасны дотор Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ,
"Сайншанд" аж үйлдвэрийн цогцолбор байгуулах, "Төрөөс төмөр замын
талаар баримтлах бодлого" зэргийг дурдаж болох юм гэж академич онцлоод
гэхдээ уул уурхайг хэтэрхий шүтэх, гаднын хөрөнгө оруулалтыг
зохицуулалтгүй оруулах, экспортоос олох орлогыг бүрэн гүйцэд цуглуулах,
орлогын зарцуулалтад тавих хяналт, хууль эрх зүйн зохицуулалтыг эрс
сайжруулахгүй бол бид "баялгийн хараал"-д өртөх, ашигт малтмалаас болж
гүнзгий хямралд орсон зарим орны гашуун туршлагыг давтах аюул ойрхон
байна. Өрнөдийн зарим судлаач, хэвлэл мэдээллийн хэрэгсэл эдүгээ Монгол
Улсад уул уурхайн салбар луу хэтэрхий хошуурах, зөвхөн ашигт матмалын
орлогыг шүтсэн явцуу бодлого явуулж байгааг шүүмжлэх үүднээс Mongolia
нь Мine-golia болж хувирлаа хэмээн ярьж бичих болжээ. Энэ бол баялагт
хяналт тогтоох, улмаар соёл, иргэншлийн ноёлол буй болгоход чиглэсэн
геостратегийн бодлогын золиос болчихгүй байхыг сануулсан хэрэг юм
хэмээн анхааруулав.
www.dailynews.mn