“ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ТЭЛСНЭЭР ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ҮР ДҮН” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь хөрөнгийн зах зээлийн мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, зах зээлд оролцогчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубтэй хамтран “Хөрөнгийн зах зээлийг тэлснээр эдийн засагт гарах үр дүн” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагууд болох МХБ, ҮЦТХТ, АТТ, МҮЦАЭХолбоо, Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб зэрэг байгууллагууд оролцож, хөрөнгийн зах зээлд тулгамдаж буй асуудал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гарц ба бодлого, өөрийгөө зохицуулах байгууллага ба  мэргэжлийн байгууллагуудын хөрөнгийн зах зээл дэх оролцоо зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэв.

“ҮЦТХТ” ХХК-иас төвлөрсөн хадгаламжид нээгдсэн дансны судалгааг сүүлийн 3 жилээр танилцуулж, ялангуяа гадаадын иргэд, аж ахуйн нэгж төвлөрсөн хадгаламжид данс нээлгэх нь 2017 онд нэмэгдсэнийг сүүлийн 5 жилийн судалгаагаар танилцуулав. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшлийн талаарх мэдээллийг 158989 дугаар луу мессеж явуулснаар мэдэх бололцоотой болсон талаарх компанийн шинэ үйлчилгээг сэтгүүлчдэд мэдээлэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогч байгууллагууд төлбөр тооцооны Т+2 системийг яаралтай нэвтрүүлэх, хувийн тэтгэврийн сан гэх мэт дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчийг бий болгох, хөрөнгө оруулагч иргэдэд урт хугацааны хөрөнгө оруулалтын давуу тал, мөн чанарыг ойлгуулах,  төрийн зүгээс үнэт цаас гаргагчдыг татварын бодлогоор дамжуулан дэмжлэг үзүүлэх нь зах зээлийн цаашдын хөгжилд чухал нөлөөтэйг онцолсон бөгөөд цаашид дээрх асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд талууд хамтран ажиллахаар боллоо.

_mg_2853

Стандарт

Байршил

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2017 "ҮЦТХТ" ХХК